Аль нь таны хэрэгцээг хангах вэ?
Олон хүний хүлээж байсан үйл ажиллагаа өнөөдөр шөнө болох гэж байна. Apple компани энэ оны хамгийн эхний үндсэн арга хэмжээгээ Калифорнид Монголын цагаар гуравдугаар сарын 10-нд шилжих шөнийн нэг цагт зохион байгуулах юм.
Үндэсний Портал GoGo.mn та бүхэнд энэ үйл явдлыг шууд дамжуулан хүргэх бөгөөд эхний ээлжид тэд юу ярих бол гэсэн хэд хэдэн таамгийг сонирхуулъя.
1. Apple Watch-ын тухай дэлгэрэнгүй
Өнгөрсөн есдүгээр сард компани бидэнд “Apple Watch”-ыг “амсуулаад” л орхисон. Харин өнөөдөр бид “идэж үзнэ”. Apple Pay-ийн сайжруулсан хувилбартай, зүрхний хэмнэл мэдэрдэг, утастай холбогддог гэдгээс өөр тодорхой зүйл одоохондоо алга.
2. Цагны үнэ
Компани нэг удаа цагныхаа үнийг 349 ам. доллар гэж бидэнд хэлсэн. Гэхдээ энэ нь зөвхөн “Спорт” төрлийн хөнгөн цагаан гадаргуутай загварынх нь үнэ. Тиймээс бусад загварууд нь ямар үнэтэй байх нь сонирхол татаж байна. Ялангуяа 18 каратын алтан гадаргуутай цагийг нь 5000-10000 ам. долларын үнэтэй байх болов уу гэж таамаглаж байгаа.
3. Аппликейшнууд
Apple Watch 200 гаруй аппликейшнтэй үйлдвэрээс гарна гэх яриа бий. Гэхдээ шууд ийм олон аппликейшнтэй бол тэр жижигхэн дэлгэц дээр төөрч будилах биз. Ямартай ч зарим нэг хөгжүүлэгчид өөрсдийн аппликейшнуудыг танилцуулсан ч гэсэн бид өнөө орой компани яг юуг нь онцолж байна вэ, гэдгийг мэдэх юм.
4. Худалдаанд гарах хугацаа
Компанийн захирал Тим Күүк дөрөвдүгээр сард албан ёсоор цагаа худалдаанд гаргана гэж мэдэгдсэн. Гэхдээ яг хэдний өдөр вэ гэдэг нь мөн л хариултгүй үлдсэн юм. Apple-д худалдаанд гаргах өдрийн 30 сонголт байна. Харин аль нь вэ?
5. 12 инчийн MacBook?
9to5Mac сайтад “Apple 12 инчийн дэлгэцтэй, илүү нимгэн загвар бүхий MacBook бүтээнэ” гэх мэдээ гарсан бол саяхан Wall Street Journal-д “Компани шинэ MacBook-ээ энэ оны хоёрдугаар улиралд худалдаанд гаргана” гэж бичжээ. Харин өнөөдөр орой бид шинэ бүтээлийнх нь анхны төрхийг харах гэж байна.
Ямар ч байсан өнөөдрийн гол сэдэв болох Apple Watch болон зах зээл дээрх бусад цагуудын тухай сонирхолтой инфографикийг хүргэж байна:
А.Ихсанаа
Categories and tags of the game : Informative, Interactive, Promotional, Single Player