Ажлын цагийн өөрчлөлт АМЬДРАЛД НИЙЦЭХГҮЙ НЬ
Нийслэлийн иргэдийг бухимдуулж буй түгжрэлийг бууруулахаар авч байгаа арга хэмжээ байгаа нэг л онохгүй, банзанд тусаад байх шиг. Улсын дугаарын хязгаарлалт гээд иргэдийнхээ эрхийг зөрчсөн шийдвэрээ өдгөө хүртэл хэрэгжүүлсээр.
Иргэд удаа дараа гомдол мэдүүлсний эцэст дээрх хязгаарлалтын цагт нь өөрчлөлт оруулж тайвшруулах төдий үйлдэл хийв. Уг нь Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулахын тулд тусгай судалгаа хийж, мэргэжлийн байгууллагынхантай нь зөвлөлдөж байж л бодитой үр дүнд хүрэх нь дамжиггүй. Гэтэл Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн санаачлан батлуулсан Цагдаагийн албаны тухай хуулиар Замын цагдаагийн байгууллагыг татан буулгасан. Зам тээврийн осол хот, хөдөөгүй нэмэгдсэн, түгжрэл нь нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа энэ үед бодлого тодорхойлох, урьдчилан сэргийлэх, хөдөлгөөн зохицуулж, журам сахиулах үүрэгтэй энэ албыг үгүй хийсэн нь монгол төрийн харалган шийдвэрийн нэг байсан гэдэгтэй олон хүн санал нийлэх биз.
Үүнээс хойш Засгийн газраас Эрх шилжүүлэх тухай тогтоол гаргаж, нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах зорилгоор замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, байгууллагуудын байршил, тэдгээрийн ажиллагсад, суралцагчдын тоо, түгжрэл ихээр үүсэж байгаа зам, цаг хугацаа зэргийг харгалзан нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагын ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрхийг Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн.
Үүний дагуу нийслэлийн удирдлагууд ажлын цагт өөрчлөлт оруулж, их, дээд сургуулийн хичээлийг 07.40, цэцэрлэгийг 08.00-09.00, ерөнхий боловсролын сургуулийг 08.00, төрийн байгууллагуудыг 08.30 цагт эхлүүлж байхаар болсон билээ. Энэ шийдвэр хоёрдугаар сарын 16-наас хэрэгжиж эхэлсэн. Богино хугацаа өнгөрч буй ч гэсэн энэ өөрчлөлт амьдралд хэрэгжихгүй, ямар ч судалгаагүйгээр гаргасан хэмээн иргэд олон нийтийн цахим сүлжээгээр санал бодлоо илэрхийлж байна.
Үнэхээр ямар ч судалгаа, мэдээлэлгүйгээр ийм шийдвэр гаргасан бололтой. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацийн зөвлөх С.Энхтөр ярилцлага өгөхдөө “Монгол Улсын иргэд ДНБ-ийхээ 2.9 хувийг замын түгжрэлд үргүй зарцуулж байна. Нийслэлийн замын ачаалал 07.30-09.00, 11.50-13.00, 17.00-19.30 цагийн хооронд оргилдоо хүрдэг. Түгжрэлийн хамгийн гол шалтгаан нь хот төлөвлөлттэй холбоотой” хэмээж байсан.
Өнөөдөр нийслэлийн төр, захиргааны байгууллагууд хотын төвдөө шавааралдаж, Их тойруу дотроо чихцэлдэн барилга барьсаар л байна. Дээрх цагуудад Их тойруу доторх ажил, сургуульдаа очихын тулд нэгэн зэрэг тал талаас чиглэж, үүний хэрээр түгжрэл үүсдэг. Зөвхөн Их тойруу дотор байрладаг төрийн 286 байгууллагад 28993 алба хаагч ажиллаж байгаа гэсэн судалгаа бий. Тэдний 11402 нь нийтийн тээврээр, 4698 нь явганаар ажилдаа ирдэг. Харин 12893 нь хувийн машинаараа хамгийн багадаа 3-10 орчим км зам туулж ажилдаа очдог. Их, дээд сургуулийн 92098 оюутан өглөө, оройн цагаар сургууль гэр хоёрын хооронд явдаг.
Тэдгээрийн 68049 нь нийтийн тээврээр, 16908 нь явганаар, 13209 нь хувийн машинаараа ирдэг юм байна. Их тойруу дотор хувийн болон төрийн өмчит ерөнхий боловсролын 65 сургууль бий. Тэнд сурдаг 59879 хүүхдээс 19985 нийтийн тээврээр, 23976 явганаар, 7959 хүүхэд автомашинаар хүргүүлдэг гэнэ. Тэднийг хүргэж өгөхийн тулд эцэг эхийн хэн нэг нь ажлаасаа хоцрох нь дамжиггүй. Яагаад ингэж хэлэх болов гэхээр Таван шард амьдардаг хүн ерөнхий боловсролын бага ангийн сурагч хүүхдээ хичээлд нь хүргэчихээд ажилдаа очно. Таван шараас Хархорин ороход дор хаяж 10 гаруй минут түгжирнэ. Цамбагаравын орчимд 5-8 минут, 25 дугаар эмийн сангийн уулзварт 10, Баруун дөрвөн замд оргил ачааллын үед 10 минут “гацна”. Гэрлэн дохион дээр 1-2 минут гэж тооцохоор яалт ч үгүй ажлаасаа хоцрохоор байгаа юм. Цэцэрлэгт ч мөн ялгаагүй. Хүүхдээ харьяаллынх нь цэцэрлэгт өгсөн залуу гэр бүлийн хэн нэг нь ажлаасаа хоцрохоос аргагүй. Заавал 08.00 цагтаа хаалгаа нээнэ гээд хүүхдээ авахгүй байгаа тохиолдол захын гэлтгүй, хотын төвийн цэцэрлэгүүдэд ч байгаа.
Ийм үед хүүхдээ оруулж өгсөн эцэг эхчүүд 08.30-д амжиж хотын төв рүү ажилдаа очно гэдэг хүнд. Тэгэхээр яалт ч үгүй өрхийн орлогоосоо хэдэн төгрөг хасуулчихаж байгаа юм. Оюутан гэр бүлд энэ цагийн хуваарь бүр ч тохирохгүй байна. Залуу, оюутан гэр бүл өнөөдөр нийслэлд нэлээд олон байгаа нь дамжиггүй. Тэд 07.40 цагт амжиж хичээлдээ очих уу, 08.00-09.00 цагийн хооронд нэг нь эхний цагийн хичээлээ тасалж очих вэ гэдэг дээр унтахынхаа өмнө “хуруудаж” байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Хотын удирдлагууд бүгд л залуу ч явсан, сайхан ч явсан. Оюутан ч явсан, орлогогүй ч байсан. Тэр үед бүгд л нийтийн тээврийн унаандаа чихэлдэж байсан шүү дээ. Өнөөгийн оюутнуудын ихэнх нь мөн л нийтийн тээврийн унаандаа сууж, түгжирч, хүүхдээ цэцэрлэгт хүргэх нь хүргэж, эхний цагийн хичээлээ таслах нь таслаад л явж байгаа.
“07.30-09.00 цаг бол өдрийн хамгийн оргил ачааллын үед тооцогддог. Энэ цагт Их тойруу доторх түгжирлийн голомт руу цэцэрлэг, их, дээд сургууль, төрийн байгууллагын албан хаагчид гээд 34061 хүн хувийн автомашинаараа ордог. Тэдэн дээр 09.00 цагт ажил нь эхэлдэг хувийн байгууллагынхан нэмэгдэнэ. Ажил эхлэх, дуусах цагийн зохицуулсан шийдвэрээр ажлын цагаас дунджаар 30 минутын өмнө гэрээсээ гардаг гэж үзвэл 38.7 хувь нь буюу оюутнууд 07.15-д, 23.3 хувь буюу дунд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд 07.30 цагт, 37.8 буюу төрийн байгууллагын ажилчид 08.00-д гэрээсээ гарсан байх ёстой юм байна. Нийслэлийн аль ч хэсгээс хөдөлсөн гэрлэн дохио, замын саад бусад тээврийн хэрэгслийн болон явган зорчигч нарын хөдөлгөөнийг тооцоолоогүй учир 15-30 минут бол бөөгнөрөл үүсэх хангалттай хугацаа” гэж С.Энхтөр фэйсбүүк хуудастаа бичсэн байв.
Үүнээс гадна хүүхдүүдээ хүргэж өгсөн томчууд ажилдаа ирэх очих, нааш цааш явах хөдөлг өөн байна. Түүнээс гадна нэг гэр бүлийн хоёр дундаа нэг машинаар ажилдаа явдаг байсан бол энэ ажлын цагийн цуглах, тарах өөрчлөлтөөс шалтгаалж зарим бололцоотой нь өөр нэг машин нэмж авч, замын ачааллыг нэгээр нэмэгдүүлнэ. Энэ мэтээр цагийн өөрчлөлт амьдралд нийцэхгүй байгаа нь харагдаж, олон хүн бухимдаж байна. Уг нь захирамж гаргахаас өмнө эрдэмтэн, судлаачдаас санал дүгнэлт гаргуулж, судалгаа, туршилт хийх хэрэгтэй байсан болов уу. Түгжрэлийг багасгахад цаг өөрчлөх гэх зэрэг өнөө маргаашийг аргацаасан шийдвэрээр цэгцэлж чадахгүй нь ойлгомжтой. Тиймээс давхар зам, хотоо гадагш тэлэх бодлого зэргээр шийдвэрлэвэл үр дүнтэй байх болов уу. Хотын зах руу төрийн үйлчилгээний хэдхэн байгууллага л бий. Тийм чиглэлд өглөө 08.30-10.30 цагийн хооронд ямар ч хүн үйлчлүүлдэгг үй юм билээ. Дээрх ажил цуглах цагт хотын төвөөс гадагш чиглэсэн хөдөлгөөн ч цөөн. Энэ бүгдийг харгалзан төрийн байгууллагуудыг хотын төвөөс гаргах бодлого эрчимж үүлбэл түгжрэл багасахад нэмэртэй болов уу.
Г.ЦОЛМОН
Categories and tags of the game : Informative, Loop, Single Player